top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

Мөрөөдлийн өнгө - 3 үзэсгэлэн нээлтээ хийлээ


Загдын Доржжанцан 1940 онд Сайн ноён аймгийн Дайчин ван хошууны малчин ард У. Загдын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 1941 онд хуучнаар Өвөрхангай аймгийн Эрдэнэцогт сум, одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд харьяалагдан суурьшсан юм.


1965 онд Өвөрхангай аймгийн дүрслэх урлагийн салбарт дагалдан зураач, 1971-1975 онд УБДС-ийн уран зургийн ангийг “уран зураач” мэргэжлээр дүүргэж, 1975 онд Өвөрхангай аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, 1977 онд Монголын Урчуудын Эвлэлд гишүүнээр элсчээ.

1980 онд Төв аймгийн Урчуудын Эвлэлийн салбар “Керамикийн үйлдвэр”-т ерөнхий зураач, 1981 онд Улаанбаатар хотын урчуудын салбарт тасгийн дарга, 1984 он “Монументаль чимэглэлийн үйлдвэр”-т зураач, тасгийн дарга, 1988 оноос бие даасан уран бүтээлчээр ажиллаж байна. Улсад 60 жил, дүрслэх урлагийн салбарт 54 жил уран бүтээлээ туурвиж, Улаанбаатар хотын урчуудын “Б” урланд өөрийнхөө уран бүтээлийг туурвин үр хүүхэд, ач, зээ, гучаа тойруулан энх тунх аж төрж байна.


2006 онд “Дэлхийн өв ба Өвөрхангай” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд “Харзат”, “Бага овоот”, “ Ойд” зургуудаараа, 2007 онд “Хөх тэнгэрийн орон” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд ”Монголын хоолой”, “Гичгэний нуруу” зургуудаараа оролцож байсан бол 2011 онд “Мөрөөдлийн өнгө- I” бие даасан үзэсгэлэн, “ӨВ-III” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, 2012 онд “Бид хөдөөгийн зураачид “МУЭ байгууллагдсаны 70 жилийн ойд зориулсан аймгийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, 2016 онд “Нэг бүс, нэг зам” БНХАУ, Монгол улсын зураачдын хамтарсан үзэсгэлэн, 2017 онд БНСУ, Монгол улсын зураачдын хамтарсан үзэсгэлэн, 2018 онд “Монголын сайхан орон” Монголын төрт улс үүссэний 2227, Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойд зориулсан шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн, “Өврийн хангайн урчууд” МУЭ-ийн 70 жилийн ойд зориулсан Өвөрхангай аймгийн зураачдын хамтарсан үзэсгэлэн, 2019 онд “Хавар” уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, “Мөрөөдлийн өнгө- II” бие даасан үзэсгэлэнд тус тус оролцож, зохион байгуулж байжээ.

Загдын Доржжанцангийн уран бүтээл, хөдөлмөрийг үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 80, 90 жилийн ойн хүндэт медаль, IV таван жилийн гавшгайч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Монгол улсын төрийн шагнал “Алтан гадас”одон, Монголын Урчуудын Эвлэлийн тэргүүн дээд шагнал ”Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит” шагналаар тус тус шагнуулжээ.


Энэхүү “Мөрөөдлийн өнгө-III” үзэсгэлэнгийн онцлог нь Зураач З.Доржжанцангийн хүү, уран барималч Д.Энхбаатар, охин уран дархан Д.Нямсүрэн, зээ охин 48-р сургуулийн 4б ангийн сурагч Н.Эвлүүн нарын уран бүтээлээс аав, өвөөгийнхөө урлагийн салбарт зориулсан нэгэн жарны нөр их хөдөлмөрийг хүндэтгэн, дээжлэн залсан болно.




5 views0 comments

Comments


bottom of page