top of page

2024 оны 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 2 дугаар сарын 28-ны хооронд 15 дахь удаагийн  Хаванагийн Биенналь зохион байгуулагдана.

 

Дэлхийн өмнөд хагасын улс орнуудын хамгийн чухал, өвөрмөц урлагийн арга хэмжээнүүдийн нэг болох Хаванагийн Биенналь 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 2 дугаар сарын 28-ны хооронд болно.

 

Хэдийгээр урлагийн галерей, студи, музей гэх мэт уламжлалт орон зай дахь үзэх харах зүйлс нь их бас олон янз байдаг ч Хаванагийн Биенналийн хамгийн сэтгэл татам, бусдаас ялгарах зүйл бол хотыг өөрийн үзэмж болгон авах чадвар юм. Ашигтай, үр дүнтэй туршлага солилцож, тус улсын бусад хотуудад түгээх төлөвлөгөөтэй байгаа тул уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээнд урьж байна. 

 

Хаванагийн Биенналь нь Карибын тэнгисийн нэгэн үзэсгэлэнт нийслэл хотын өргөн чөлөө болон бусад олон нийтийн газрыг барилга байгууламжийн фасад, олон нийтийн талбай, үзүүлбэр гэх мэт том форматтай бүтээлүүдээр урлагийн орон зай болгон хувиргадаг. Энэ үед Кубын гудамж, талбайнууд ил задгай музей шиг харагддаг.

 

"Хуваалцсан тэнгэрийн хаяа" хэмээх үзэл баримтлалын платформын дагуу XV Биенналь нь ялгаатай байдлыг хүндэтгэх, ноёрхогч загвараас холдох мэдлэг, туршлагыг эрхэмлэх зорилготой сэтгэл хөдлөм тогтолцоо болгон зохион бүтээжээ.

 

Вифредо Лам төвийн захирал Нелсон Рамирез де Ареллано 15 дахь удаагийн Биенналийн үйл явдлын өрнөл нь зуучлал, хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо гэсэн гурван үндсэн үзэл баримтлалаас бүрдэх болно гэж хэвлэлийнхэнд тайлбарлав. Мөн тэрээр уран бүтээлчид Кубын туршлагыг амьдруулаад зогсохгүй Кубын оршин суугчидтай хамт олон нийтийн дунд уран бүтээлээ туурвина гэж найдаж байна гэж хэлэв. 

 

Хаванагийн Биенналь нь судалгаа, үзэсгэлэнгийн үйл явцын үндсэн дээр зохион байгуулагддаг бөгөөд бүх оролцогчдыг эргэцүүлэн бодох сэдэвт сэдэвчилсэн үзэл баримтлалыг оруулах гэх мэт тодорхой параметрийн дагуу сонгодог. Энэ үйл явцад Хавана дахь Вифредо Ламын орчин үеийн урлагийн төвийн үзэсгэлэнгийн баг бусад орны мэргэжил нэгт нөхдийнхөө дэмжлэгийг авч, санал хүсэлтээ өгч, уран бүтээгчидтэй харилцах харилцаанд зайлшгүй шаардлагатай холбоос болдог.

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 2022 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд зохиогдсон 14 дэх удаагийн Хаванагийн Биенналийг нэг сая гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд дэлхийн 30 гаруй орны 655 уран бүтээлч оролцсоноос 484 Куба улсын иргэн, 171 гадаад уран бүтээлчид байв. Энэхүү Биенналь нь Кубын есөн мужид 58 үзэсгэлэн, 71 арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулагдсан.

 

14 дэх удаагийн Хаванагийн Биеннальд Америкийн Нэгдсэн улс, Канад, Мексик, Аргентин, Колумб, Панам, Перу, Эл Салвадор,Чили, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Уругвай, Тринидад ба Тобаго, Гранада, Парагвай болон Пермудын арлууд оролцсон. Мөн Япон, Филиппин, Иордан, Иран, Испани, Франц, Герман, Швед, Португал, Австри, Англи, Бельги, Шотланд, Финланд, Итали, Бенин, Өмнөд Африк, Сенегал болон Камеруны уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэн тавьсан байв.   

 

Гадаадын зочид, төлөөлөгчдөд Кубын соёл, амьдрал, бодит байдал, байгалийн тогтцыг танилцуулах зорилгоор Хаванагийн Биеннальд оролцохыг уриалж байна. Кубын болон дэлхийн урлагийн шинэ мега соёлын арга хэмжээнд оролцож бусад оролцогчдын бүтээлийг шимтэн үзэхээс гадна Кубад зочлохыг урьж байна. Түүнчлэн та Кубын баялаг соёл, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн хуучин колонийн хотхонуудын сэтгэл татам байдал, хоол унд, хуурай газрын болон усан доорх чамин байгалийн тогтоц, наран шарлагын газруудад зочлох, мэдээжийн хэрэг Кубын сайхан сэтгэлт ард түмний зочломтгой зан чанарыг мэдрэх боломжтой.

 

1984 онд үүсгэн байгуулагдсан Хаванагийн Биенналь нь Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын дүрслэх урлагийг илүү сайн танин мэдэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготойгоор Вифредо Ламын төвөөс зохион байгуулдаг орчин үеийн урлагийн арга хэмжээ юм. Энэ нь "Латин Америкийн анхны урлагийн биенналь" гэж тооцогддог.

 

Хаванагийн Биенналь нь өөрийн бүс нутагтаа нийтлэг байдаг санаа зовнил, зөрчилдөөнийг илэрхийлдэг Өмнөдийн уран бүтээлчдэд анхаарал хандуулж, Хавана хотыг "барууны бус" урлагийн үзэсгэлэн, уулзалтын чухал газар болгон хувиргадаг.

bottom of page