“SENSE” ҮЗЭСГЭЛЭН Нээлтээ хийлээ урлагт хайртай та бүхэн минь хүрэлцэн ирээрэй.
“SENSE” ҮЗЭСГЭЛЭН
МУЭ-н үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 02 сарын 12-26-ны өдрүүдэд дэлгэгдэх уг үзэсгэлэнд аливаа үндэстэний туулж ирсэн үүх түүх, амьдралын замнал, ахуй сэтгэлгээний философи нь өв соёл, ёс заншилд гүн тусгагдсаар ирсэн тухай өгүүлжээ. Эцэс төгсгөлгүй их хөдөлгөөнд оршиж, даяаршин буй өнөө цагт хүн хаяа ч гэсэн зогсолт хийж өв уламжлалаараа дамжуулан дотоод ертөнц, үндэстэн угсаатныхаа мөн чанарыг эргэн харах хэрэгцээ бий болсоор байна.
Уран бүтээлч Б.Мөнхбаатар, М.Ган-Очир нар нь дүрслэх урлагийн болон угсаатны зүйн салбарт хүндлэл хүлээсэн дэд профессор, зураач, багш Х.Содномцэрэнгийн шавь нар юм. Түүний шавь нар өөр өөрсдийн өнгө аяс бүхий онцгой арга барилтай болж хөгжихөөс гадна монголын урлагийг дэлхий дахинаа түгээн яваа нэр хүндтэй уран бүтээлчид болсноороо салбартаа хэдийн танигдсан байдаг. Бүхий л зүйлс хэдий хөгжиж өнөөдрийн Монголыг тодорхойловч туулж ирсэн уламжлал, нүүдэлчдийн онцлог шинжүүд бусад үндэстнээс бидний ялгарлыг бий болгоход чухал нөлөө үзүүлдэг.
Уран бүтээлч Б.Мөнхбаатарын бүтээлүүдээс монголын байгаль, дөрвөн улиралд өөрчлөгдөж буй хувьсал хийгээд ахуй амьдралын энгийн хэрнээ эгэлгүй дүр төрхийг уран сайхны хэллэг, дээдлэн шүтэгддэг морьдын зураглал, нэгээс нөгөөд шилжих ууссан өнгүүд, том цул тавилтуудаар нь дамжуулан харж болох юм. Харин зураач М.Ган-Очирын бүтээлүүдээс монгол хүмүүний бэлгэдэл зүйг өнгө, дүрсээр тодотгон энгийн хэрнээ гүн агуулга, монгол хүний зан чанар, амьдралын ухааныг илэрхийлэх хээ угалзын дүрслэлийг орчин үеийн хурц, тод өнгө, өөрийн арга барилтай хослуулан өнөөгийн урлагийг хэрхэн бүтээж буйг харах боломжтой. Мөн монгол хээ дүрслэл, зүйр цэцэн үгс зэргээс өөрийгөө эрэлхийлсэн агуулга бүхий түүний бүтээлүүд олны таашаалд нэгэнт нийцсэн байдаг.
Comments