Монголын Урчуудын Эвлэлийн (МУЭ) гишүүн, нэрэмжит шагналт, Алтан гадас одонт, Уран барималч Лувсандондогийн ГАНТӨМӨР нь 1958 онд Дорнод аймагт төрсөн. 1974-1978 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийн Керамикийн ангийг П.Балдандорж, н.Сумошкина нарын урланд керамикч мэргэжлийг эзэмшин төгссөн.
1978-1981 онд МУЭ-ийн Улаанбаатар хотын салбарт Уран барималчаар ажиллаж, ажил уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Үүний дараа МУЭ-ийн харьяа Монументаль чимэглэлийн үйлдвэрт мөн Уран барималчаар 1996 оныг хүртэл ажилласан. 1996 оноос өдгөөг хүртэл МУЭ-ийн Нэгдсэн урланд чөлөөт уран бүтээлчээр ажиллан, бүтээлээ тасралтгүй туурвисаар явна.
Л.Гантөмөр нь олон улсын баримлын үзэсгэлэн, биенналиудад амжилттай оролцож, монгол хүний бүтээсэн урлагийн бүтээл, оюун соёлын өвийг бүтээж дүрслэх урлагийн түүхэнд туурвилаа үүрд мөнхлөн үлдээсэн уран барималч юм.
1980 онд барималч н.Өлзийбаатартай хамтарч “Уран баримал” нэртэй анхны үзэсгэлэнгээ залуучуудын соёлын төвд гарган уран барималд үүдээ нээж, өрхөө татсан тэр өдрөөс өнөөдрийн “ОНГОДЫН МЭЛМИЙ” үзэсгэлэн хүртэл түүний 8 дахь удаагийн бие даасан үзэсгэлэн болж байгаа юм.
1985 онд ЗХУ-ын харьяа Латви улсын Юрмала хотод зохиогдсон “Олон улсын жижиг баримлын үзэсгэлэн”-д оролцож Тэргүүн байр, 2009 онд БНСУ-ын Чэжү аралд болсон олон улсын “Дэлхийн урлагийн наадам”-д уран барималч Д.Түвдэндоржийн хамт оролцсон, 2011 онд Францын нийслэл Парис хотноо ЮНЭСКО-ийн төв байранд гарсан “Монголын зураачдын үзэсгэлэн”-нд мөн уран бүтээлээрээ оролцсон. Мөн 2008 онд БНХАУ-ын Хөх хот, Япон улсын Юбэ галерейд үзэсгэлэн гаргаж, бүтээлээрээ оролцсон.
МУЭ-ийн үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог бөгөөд 2005, 2017, 2022 оны “ОНЫ ШИЛДЭГ” уран бүтээлийн шагналыг баримлын төрөлд тус тус хүртсэн байна.
Монголын Уран Зургийн Галерейн алтан сан хөмрөгт түүний 1980 оноос өдгөөг хүртэлх хугацаанд хийсэн бүтээлээс 6 бүтээл хадгалагдаж байгаагаас тухайн уран бүтээлчийн чансаа харагдах биз ээ.
Хүн төрөлхтөн даяаршиж, нэгэн соёлын ноёлолд байгаа энэ цаг үед Монгол үндэстэн бид ахуй, заншил, түүх соёлын арвин сантай тул түүгээрээ дамжуулж бүтээлээ туурвих нь бидний бусдаас ондооших ганц зүйл гэж үздэг учир энэ удаагийн “ОНГОДЫН МЭЛМИЙ” үзэсгэлэнд монгол ахуй, заншлын сэдэвт 32 бүтээл дэлгэгдэж байна.
Л.Гантөмөр нь миниформ (жижиг хэмжээний) төрлөөр, хүрэл болон керамик, холимог техник ашиглан уран бүтээлээ туурвидаг.
Уран баримлын төрөл нь гурван хэмжээст тулгуурлан ур чадвар, мэдрэмж, нямбай байдал, бие бялдрын хүч чармайлтыг шаарддаг дүрслэх урлагийн томоохон төлөөлөл нь байдаг.
Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагийн боловсролоор дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран барималч Л.Гантөмөрийн дахин давтагдашгүй сор бүтээлийг та энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.
Ц.Түмэнжаргал
Kommentit