top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

“НОГООН МОРЬ” нийгэмлэг байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан “Маргаашийг өөрчлөх ...” үзэсгэлэн нээлтээ хийлээ.



1980-аад оны сүүлээр хүйтэн дайны эрч суларч шинэ эрин үе эхлэх уур амьсгал Зүүн Европ, ЗХУ гэлтгүй Монголд чиг мэдрэгдэж байсан атал дорвитой өөрчлөлт Монголын нийгэмд байхгүй байсан үед Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат зэрэг уран бүтээлчдийн “нэг л өөр” бүтээлүүдээр шинэ эрин үеийг Монголд эхлүүлж байсан нь Монголын урлаг дахь бахархууштай түүхүүдийн нэг мөн. 


Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг үзэсгэлэнгээс хасагдсан бүтээлээрээ тэд анхны “Явц-1” үзэсгэлэнгээ 1989 онд гаргаж, үүгээр сайн эрин үеийг урин билэгдсэн “Ногоон морь” хэмээн нэртэй шинэ нийгэмлэгээ 1989-1990 онд эхлүүлж байсан түүхтэй.


Модернизм, контемпорари урлагийн чухал ялгааг Өрнөдийн урлагт Марсел Дюшан (1887-1968) харуулсан бол Монголын урлагт “Ногоон морийн” уран бүтээлчид авангард уран бүтээлээр контемпорари урлагийг Монголд эхлүүлсэн түүхтэй. 

“Ногоон морь” нийгэмлэгийн 35 жилийн ойн энэхүү үзэсгэлэнд “Ногоон морь” нийгэмлэгийн үндэслэн байгуулсан уран бүтээлчдийн 1989-1990 онуудад хийгдсэн түүхэн бүтээлүүд болон 1992 онд нээгдсэн “Ногоон морь” сургуульд суралцаж байсан уран бүтээлчдийн бүтээлүүд тавигдах болно.


Монголын нийгмийг сэрээх, шинэчлэлтийг авчрах зэрэг нь “Ногоон морь” нийгэмлэгийн гол зорилгуудын нэг болж байсан бол 35 жилийн дараа энэхүү бүтээлүүд үзэгч олон түмэнд өнөөдөр чиг Монголын маргаашийг өөрчилж шинэ ариун ирээдүйг авчрах болтугай хэмээн ерөөе.


Урлаг судлаач Ц.Уранчимэг

Ерөнхий куратор

Индиана Их Сургууль дахь Херрон Урлаг-Дизайны Сургуулийн

Дэд Профессор, Гадаад Харилцааны Захирал




15 views0 comments

Comments


bottom of page