top of page
Search
Writer's pictureUnion of Mongolian Artists

“КОНТЕМПОРАРИ АРТ-2023” ҮЗЭСГЭЛЭН нээлтээ хийлээ.


Энэ жилийн энэ үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галерей болон “В контемпорари” галерейд нэгэн зэрэг дэлгэн толилуулж буйгаар онцлог юм. Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн Ерөнхийлөгч П.Ганбат хэлэхдээ: “Бидэнд маш том орон зай хэрэгтэй байна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс мэдэрч байна. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнгийн үзэл санаа нийгэмд олон чухал мэссэжийг хүргэх нь дамжиггүй. Эдгээр санаа, оноогоор нийгэм цангаж байгаа” гэдгийг онцлон хэлэв. Мөн “Монгол улсад гарч байгаа үзэсгэлэн бүр тодорхой урамшуулалтай байх ёстой гэсэн зарчмыг бид цаашид баримтлах болно” гэж тэр хэллээ.

Энэ жилийн үзэсгэлэнд хорь шахам уран бүтээлчийн бүтээлийг сонгон шалгаруулж, хоёр танхимд дэлгэн толилуулжээ. Оролцогч бүхэн тус бүрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр урамшууллаа. Улмаар үзэсгэлэнгийн “Гранпри” шагналын эзнээр барималч Батаахүүгийн Ганбаатар тодорлоо. Тэрбээр “Метрополис” хэмээх инстоляцийг дэлгэн толилуусан бөгөөд өнөө цагийн их нүүдлийг тусган харуулжээ. “Эзэнт гүрний үед идэрхэг хүчирхэг байсан нүүдэлчин монголчууд хээр талаа орхин их хот руу нүүж байна. Нэгэн цагт дэлхий тэр чигээрээ Монгол руу “нүүж” байсан нь түүхийн үнэн. Одоо харин нүүдэлчид хот суурин руу тэр чигээрээ нүүж байна гэхэд хилсдэхгүй. Бид хөдөөдөө, нүүдлийн соёлтойгоо, морьтойгоо, малтайгаа байсан цагт оюун санааны тусгаар тогтнол улам бат бэх байх нь дамжиггүй” гэсэн үзэл санааг энд багтаасан ажээ.

Тус үзэсэлэнгийн куратор Д.Батзориг “Хойшид бид үзэсгэлэндээ монгол агаар амьсгал, монгол сэтгэлгээтэй бүтээлүүдийг сонгон шалгаруулж байна” гэдгээ дуулгаад авсан. Үзэсгэлэнд: Л.БУМАНДОРЖ, Б.БАДРАЛ, Р.ЧИНЗОРИГ, Б.ГАНБААТАР, Ө.ИРМҮҮН, Г.МӨНХБОЛОР, И.МӨНХ-ИДЭР, Б.НАНДИН-ЭРДЭНЭ, Э.ОНОНГУА, Н.ЗУЛЦЭЦЭГ, Т.БАТТОГТОХ, Б.БААТАРЗОРИГ, С.ДАГВАДОРЖ, Д.ДӨЛГӨӨН, Ж.МӨНХЖАРГАЛ, З.НОМИН нарын бүтээлийг дэлгэн толилуулжээ.

“Контемпорари арт-2023” үзэсгэлэн энэ сарын 17-ыг хүртэл үргэлжилнэ.




19 views0 comments

Comments


bottom of page