Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын үнэт өвөөрөө бахархаж ирсэн билээ. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо дээдлэн хүндэтгэх өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм.
“Бичиг Соёл” төв нь монголын уламжлалт уран бичлэг, хэл, бичиг соёлын өв санг хадгалан хамгаалах, монгол уран бичлэгийг уламжлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг Соёл”, “Нэг ертөнц Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм Төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж, 2016 онд Олон Улсын Уран Бичлэгийн Холбоог хамтран байгуулснаар олон улсад идэвхтэй ажиллаж байна. 2022 оноос SRP компанийн дэмжлэгээр “Бичиг Соёл” галерейг нээн, үзэсгэлэн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Бичиг соёл төв нь уран бүтээлчид, ЕБС-ийн багш нар, Их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдыг дэмжих зорилгоор “БИЧИГ СОЁЛ” УРАН БҮТЭЭЛИЙН НЭГДЭЛ байгуулан ажиллаж байгаа билээ. Мөн Дорнод аймгийн 12-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Ө.Одмандахын санаачлагаар Дорнод аймгийн боловсрол соёлын газар, номын сангийн дэмжлэгээр Бичиг соёл төв салбараа байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Бичиг соёл төв санаачлан Монголын Урчуудын Эвлэлтэй хамтран Монгол уран бичлэгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах мөн уран бүтээлчдийн шинэлэг санаа, авьяас чадварыг дэмжиж нийтэд таниулах зорилгоор Бичиг соёл үзэсгэлэнг 15 жил тасралтгүй зохион байгуулсан.
Бичиг соёл-2024 үзэсгэлэнгийн онцлог нь анх удаа уран бүтээлч, багш, оюутан, сурагчдын нэгдэл байгуулсантай холбогдуулан хамтарсан бүтээлүүд хийсэн бөгөөд үзэсгэлэнгийн заалыг хөшигөөр тусгаарлаж 2 хэсэгтэй болгон нэг хэсэгт нь уран бүтээлчдийн хамтарсан цогц бүтээлийг байршуулж, нэг хэсэгт нь бие даасан бүтээлийг байршуулсанаараа онцлогтой юм.
“Тэнгэрийн хаалга” нэртэй хамтарсан бүтээл нь
12 метрийн урттай цаасан дээр 20 гаруй уран бүтээлч хамтран энэтхэгийн нэрт яруу найрагч Галидасын “Үүлэн зардас” найраглалыг бичиж урлажээ. Тус найраглал нь бүсгүй хүний сайхан сэтгэл гоо жавхланг магтсан 120 бадаг 480 мөрөөс бүтжээ.
Монгол бардамнал
Анх Бичиг соёл-2013 үзэсгэлэнд зориулж бичиг соёл төвийн үүсгэн байгуулагч Д.Ганбаатар …. хэмжээтэй “Монгол бардамнал” бүтээлийг бичиж байсан бол Бичиг соёл-2024 үзэсгэлэнд зориулж түүний шавь уран бүтээлч Э.Анхбаяр … хэмжээтэй “Монгол бардамнал” бүтээлийг туурвижээ. Уг үзэсгэлэнд нийт 30 гаруй уран бүтээлчид оролцсон.
Зохион байгуулагчид:
Монгол Улсын Үндэсний Номын сан
Монголын Урчуудын Эвлэл
Бичиг соёл төв
SRP rising group хамтран зохион байгуулж байна.
Бичиг соёл-2024 үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2024.05.28 – 06.11-ний өдрийг хүртэл гарна.
Comments